2019 оны шилдэг 10 экшн кино

0
394

2019 онд Marvel болон DC-ийн супербаатруудтай бүтээлүүд, алдарт цуврал кинонуудын үргэлжлэл бүтээлүүд болон үзэгчдийг догдлуулсан гайхалтай шинэ экшн бүтээлүүд гарсан билээ. Бид та бүхэндээ 2019 онд үзэгчдийг байлдан дагуулсан шилдгийн шилдэг 20 экшн киног танилцуулах гэж байна.

Alita: Battle Angel

Японы уран бүтээлч Юкито Кисирогийн “Gunnm” хэмээх манга цувралаас сэдэвлэн бүтээсэн “Alita: Battle Angel” нь 2019 оны онцлох, шилдэг экшн бүтээлүүдийн нэг юм. Жеймс Кэмерон продюсерлаж, Роберт Родригесийн найруулсан эл киберпанк, экшн кино нь Холливүд аниме бүтээлүүд рүү анхаарал хандуулан, түүний араас хөөцөлдөж буйн тод нэгэн илрэл билээ.

Avengers: Endgame

Дэлхий дахиныг байлдан дагуулж, нийт $2.8 тэрбум ам.долларын ашиг орлого олсон Марвелийн бүтээл “Avengers: Endgame” бол энэ жилийн шилдэг экшн кинонуудын тэргүүн эгнээнд бичигдэх нь зүйн хэрэг. Ах дүү Руссогийн эл бүтээл шинжлэх ухааны уран зөгнөлт, супербаатар, экшн, инээдэм болон мелодрама жанруудыг төгс хослуулан шингээсэн бөгөөд цаг хугацааны аялалыг шигтгэж өгсөн нь бүр гайхалтай.

John Wick: Chapter 3 – Parabellum

Алдарт Жон Вик цувралын гуравдахь анги “John Wick: Chapter 3 – Parabellum” нь үзэгчид болон шүүмжлэгчдээс тун давгүй үнэлгээ авсан бөгөөд киноны найруулга, зураг авалт, эвлүүлэг, экшн тулаанууд болон Киану Ривзийн тоглолт гээд эл бүтээлд өөлж гоочлоод байх зүйл байхгүй. Дашрамд хэлэхэд, тус цувралын дөрөвдүгээр анги ирэх 2021 онд үзэгчдийн хүртээл болно.

Godzilla: King of the Monsters

Годзилла, Мотра нар Гидора Хаан болон Родан нарын эсрэг тулаанд ялалт байгуулан хэмээн итгэж найдсан хүн төрөлхтөний түүхийг өгүүлэх “Godzilla: King of the Monsters” кино Годзиллагийн тухай хүүрнэх 35 дахь бүтээл аж. Найруулагч Майкл Догертигийн тус бүтээл үзэгчид болон шүүмжлэгчдийн хүлээлтэнд хүрч чадаагүй ч гэсэн 2019 оны онцлох экшн кинонуудын нэг юм. Ирэх 2020 оны 11-р сарын 20-нд тус цувралын шинэ анги “Godzilla vs Kong” нээлтээ хийнэ.

Spider-Man: Far From Home

Энэ оны бас нэгэн онцлох хит супербаатартай кинонуудын нэг. Жүжигчин Жейк Жилленхол эл бүтээлд нэгдсэн нь хамгийн сонирхолтой, хамгийн талархууштай гэмээр. Мөн Том Холландын ч тоглолтыг онцлохгүй байж үл болно. Нийт $1.1 тэрбум ам.долларын ашиг орлого олсон “Spider-Man: Far From Home” киноны дараагийн цуврал 2021 онд үзэгчдийн хүртээл болно.

The Gangster, The Cop, The Devil

Өмнөд Солонгосын бас нэгэн хит бүтээл болох “The Gangter, The Cop, The Devil” маш олон чухал сэдвийг нэг дор цогцлоон туурвисан сайн кино. Найруулагч Ли Вон-Таегийн уран нарийн найруулгийн элемент, зохиолын агуулга бүтэц болон жүжигчин Ма Дон-Сокийн ухаалаг хийгээд тэсрэлттэй тоглолт гээд эл бүтээл бүхэлдээ төгс экшн, триллер драма юм.

Hobbs & Shaw

“Fast & Furious” цувралын дагавар бүтээл “Hobbs & Shaw” 2019 оны шилдэг экшн кинонуудын тоонд яалт ч үгүй орно. Холливүдийн экшн кинонуудын төгс хослол болсон жүжигчин Дуэйн Жонсон болон Жейсон Стейтем нараас гадна Идрис Эльбаг эл киноноос харах нь туйлын сайхан хэрэг. 2017 оноос яригдаж эхлэсэн уг бүтээл үзэгчдийн хувьд, тэр тусмаа “Fast & Furious”-ийн фэнүүдэд маш их өндөр хүлээлттэй байсан билээ.

Terminator: Dark Fate

Холливүдийн алдарт найруулагч Жеймс Кэмероны “Terminator” франчайз үргэлжилсээр л. 28 жилийн дараа жүжигчин Линда Хэмилтон болон Арнолд Шварценеггер нар “Terminator: Dark Fate” цувралд эргэн нэгдэж хамт тоглосон нь гайхалтай сайхан тохиол байлаа. Уг бүтээлийн найруулагч Тим Миллерийн ганган найруулгын хувилбарыг магтахгүй байхын аргагүй ээ.

Avengement

“Avengement” бол индепендент бүтээл. Экшн киноны төрөлд хүч төрөн орж ирж буй Англи найруулагч Жессе В. Жонсон энэхүү бүтээлдээ авга ахынхаа золиос болж шоронд орж буй залуугийн зөрчил тэмцэл, өшөө авах хүслэнгийн тухай өгүүлжээ. Энэ нь найруулагч Жессе Жонсон болон жүжигчин Скотт Адкинс нарын хувьд зургаадах хамтын бүтээл юм байна. Найруулагч эл киноны сэдэл санаагаа 1962 онд гарч байсан “Harakiri” хэмээх Япон киноноос авсан хэмээн нэгэн ярилцлагандаа хэлжээ.

Star Wars: The Rise of Skywalker

40 гаруй жилийн гайхамшигтай түүхт “Оддын Дайн” цувралын гуравдахь гурамсан бүтээлийн төгсгөлийн анги болох “Star Wars: The Rise of Skywalker” саяхан нээлтээ хийж, дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа билээ. Найруулагч Ж.Ж. Абрамс уг гурамсан бүтээлийн эхний анги болон төгсгөлийн эл ангийг найруулсан юм. Экшн тулаант хэсгүүд нь энэ оны хамгийн шилдэг найруулга, дэглэлттэй бүтээл байлаа.

2019 онд гарсан бусад онцлох экшн кинонуудыг дурдвал:

Gemini Man, Angel Has Fallen, Captain Marvel, Charlie’s Angels, Midway, 21 Bridges, Stuber, Hellboy, Anna, War, Escape Plan: The Extractors, Furie, Polar, Shaft, Rambo: Last Blood, Shazam! , IP Man: The Finale

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу