Леонардо ДиКаприо: намтар, уран бүтээл

0
470

“ХАЙР ДУРЛАЛЫН ТӨЛӨӨ БҮХНИЙГ ЗОЛИОСЛОЖ
АМЬДРАЛАА ЭРСДЭЛД ОРУУЛНА ГЭДЭГ ТУЙЛЫН ЭМГЭНЭЛ.”

Жүжигчин, продюсер, байгаль орчин хамгаалагч Леонардо Вильхельм ДиКаприо нь 1974 оны 11-р сарын 11-нд АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотод төржээ. Тэрээр Жорж ДиКаприо (комик артист, продюсер) болон Ирмелин Инденбиркен (хууль, эрхзүйн байгууллагын нарийн бичгийн дарга) нарын ганц хүү болон мэндэлсэн юм. Түүний эцэг Итали, Герман гаралтай бол харин эх нь Орос, Герман гаралтай аж.

Түүний ээж Италийн Флоренц хотод байдаг Уффици музейд Леонардо Да Винчигийн уран зургийг үзэж байхдаа анх ургийн хөдөлгөөнийг мэдэрсэн учраас түүнд Леонардо хэмээх нэрийг хайрласан гэдэг. Леонардог нэг настай байхад нь түүний эцэг эх хоёр салсан бөгөөд тэрээр хоёр талд л ирэн очин өсжээ. ДиКаприо “Сийдс” бага сургууль, “Енричед” дунд сургууль, “Жон Маршалл” ахлах сургуульд тус тус суралцаж байсан юм. Тэрээр зуны амралтаа ихэвчлэн Германд байдаг өвөө, эмээ (эхийн талын ) дээрээ өнгөрүүлдэг байв.

“Romper Room” хэмээх телевизийн цуврал кинонд 1979 онд буюу 5 настай байхдаа тоглохоор сонгогдсон ч гэсэн зураг авалтын талбайд нэг л болж өгөхгүй байсны улмаас хасагдсан түүхтэй. Тэрээр 14 настайгаасаа телевизийн рекламд тоглож эхлэсэн бөгөөд Маттел, Крафтс Фүүдс, Баббле Яам, Аппле Жакс гэх мэт олон олон компанийн нүүр царай болж байв. 1989 онд “The New Lassie” телевизийн цуврал киноны хоёр ангид Глен хэмээх дүрийг бүтээснээр кино урлагт анх хөл тавин орж ирсэн юм.

Ингээд “The Outsiders” , “Santa Barbara” , “Roseanne” болон “Parenthood” телевизийн кинонууд тоглож, хэд хэдэн шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас “Шилдэг Залуу Жүжигчин” шагналыг хүртэж байжээ. Мөн тэрээр “Fun House” хэмээх хүүхдийн шоу нэвтрүүлэгт оролцож байсан удаа бий. Ер нь ДиКаприог реклам, зар сурталчилгаанд тоглож авъяас чадвараа нээн илрүүлж кино урлагт ороход нь маш том түлхэц болсон, татан оруулсан хүн бол түүний хойд ах (эцгийн талын) Адам Фаррар юм.

“ЧАМАЙГ ЯМАР НЭГЭН ЗҮЙЛД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ҮЕД
ЧАМД БАЯР ХҮРГЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙГ МАШ САЙН АНХААРЧ ХАР.”

Түүний тоглосон хамгийн анхны бүрэн хэмжээний кино бол “Critters 3” хэмээх 1991 онд үзэгчдийн хүртээл болсон шинжлэх ухааны уран зөгнөлт, инээдмийн, аймшгийн киноны гуравдугаар цуврал бүтээл юм. Тэрээр тус кинонд гай зэтгэрт газрын эзний хойд хүү болох Жошийн дүрийг бүтээж байв. Дебют бүтээлээ дуусмагц “АBC” телевизийн “Growing Pains” ситком цувралд Сиверийн гэр бүлд өргөгдөж буй Люк Брауэр гэх орон гэргүй хүүгийн дүрийг маш сайн бүтээсэн билээ.

Хойтон жил нь “Poison Ivy” хэмээх драма, триллер кинонд жүжигчин Дрю Бэрримор, Сара Гилберт, Том Скерритт болон Шерил Лэдд нартай хамт тогложээ. Үүний дараачаар найруулагч Майкл Кейтон-Жонсийн бүтээл “This Boy’s Life” намтарчилсан, драма киноны дүрийн сонгон шалгаруулалтанд орж, 400 гаруй хүүхдээс шалгарсан, тэр тусмаа жүжигчин Роберт Де Нирогийн хараанд шуудхан өртөж шилж сонгогдсон гэдэг. Ийнхүү, тэрээр Америкийн зохиолч Тобиас Вүлфийн дуртгал тэмдэглэлээс сэдэвлэн бүтээсэн “This Boy’s Life” кинонд нэрт зохиолчийн бага насны дүрийг гайхалтай бүтээсэн аж.

1993 онд жүжигчин Жонни Депптэй хамт “What’s Eating Gilbert Grape” хэмээх эмнэгэлт, драма кинонд тоглосон. Тус уран бүтээл нь үзэгчид болон мэргэжлийн шүүмжлэгч нарт ихэд таалагдаж, гойд өндрөөр үнэлэгдсэнийг энд дурдах нь зүйн хэрэг. Тэр ч утгаараа Леонардо ДиКаприо 19 насандаа анх удаа Академийн шагнал гардуулах Оскарын наадамд “Шилдэг Эрэгтэй Туслах Дүр” номинацид нэр дэвшсэн юм.

Түүний ур чадварыг шагшин магтсан хүмүүс олширч, нэр хүнд дэлхийд тархаж эхлэх нь тэр. Найруулагч Лассе Халльстрём (Гилберт Грейп Юу Идэж Байна) “Лео бол үнэхээр гярхай, ажигч, сэргэлэн жүжигчин” хэмээн хэлсэн бол, кино шүүмжлэгч Жанет Маслин “Тэр Арни Грейпийн дүрийг үнэхээр гайхалтай бүтээсэн, түүний тоглолт маш хурц байсан төдийгүй цөхрөлийн эрчимт байдлын тэнцвэрийг киноны эхлэлээс төгсгөл хүртэл үнэхээр нягт хадгалсан” хэмээн хэлжээ.

Тэрээр 1995 онд гурван ч бүрэн хэмжээний кинонд тоглосон юм. Эхний кино нь найруулагч Сэм Рэймигийн ревинионис вестерн бүтээл “The Quick and The Dead” , удаах нь “Total Eclipse” хэмээх намтарчилсан, романтик драма бүтээл бөгөөд түүний хувьд ижил хүйстний Францын яруу найрагч Артюр Рембогийн дүрд тогложээ. Гутгаар бүтээл нь мөн л намтарчилсан, гэмт хэрэг, драма төрлийн “The Basketball Diaries” кино аж.

Тэрээр тус бүтээлд Америкийн зохиолч, яруу найрагч, панк хөгжимчин Жим Кэрроллын өсвөр насных нь үеийн дүрийг бүтээсэн билээ. Мөн эдгээр кинонуудын дундуур “The Foot Shooting Party” хэмээх 27 минутын богино хэмжээний кинонд тоглоод амжсан юм. Ийнхүү 1996 онд найруулагч Баз Лурманы “Romeo + Juliet” орчин цагийн романтик мелодрама бүтээл дурлалт Ромеогийн дүрийг бүтээв. Эл бүтээл нь дэлхий дахинаа нийт 147 сая ам.долларын ашиг орлого олж, олон ч үзэгчдээс магтаал сайшаал хүртжээ. 1997 онд жүжигчин Роберт Де Ниротой дахин нэгдэж, “Marvin’s Room” драма бүтээлд тоглов.

“ХҮНД ХЭЦҮҮ ЦАГ ҮЕДЭЭ ҮРГЭЛЖ ТАЛАРХАЖ ЯВ
УЧИР НЬ ТЭР ЗҮЙЛС ОДООГИЙН ЧАМАЙГ БИЙ БОЛГОСОН.”

1997 онд найруулагч Жеймс Кэмероны “Titanic” кинонд тоглосноор бөмбөрцгийн хэмжээнд нэр алдар нь түгэн цуурайтаж, олон сая охидуудын зүрх сэтгэлийг булаасан юм. Тухайн жил болсон Оскарын наадамд нэр дэвшээгүйд нь мянга мянган фенүүд нь Академид дургүйцлээ илэрхийлж, утас цохиж, шуудан явуулж байсан удаатай. Тэрээр эхэндээ Жекийн дүрд тоглохоос татгалзаж байсан ч найруулагч Кэмерон түүнд асар их урам зориг, итгэл найдварын хүлээлгэн өгснөөр тухайн дүрд тоглохоор болсон гэдэг.  Ингээд бүх зүйл хүлээлтээс илүү давсан сайн бүтээл болж, үзэгчдийг байлдан дагуулан, дэлхий дахинд нийт $1.84 тэрбум ам.долларын ашиг орлого олжээ.

Дараа жил нь найруулагч Вүди Аллений егөөдөлт, инээдмийн драма бүтээл болох “Celebrity” кинонд Брэндон хэмээх туслах дүрийг бүтээсэн юм. Энэхүү кинонд тэрээр жүжигчин Кеннет Брана, Жуди Дэвис, Вайнона Райдер, Мелани Гриффит, Жо Мантенья болон Чарлиз Терон нартай хамтран тогложээ. Эл бүтээлтэй зэрэгцэн тухайн онд “The Man in the Iron Mask” кино нь дэлгэцнээ гарав. Түүний хувьд уг бүтээлд харгис хэрцгий, догшин ширүүнээрээ алдартай Францын 14-р Людовик хаан болон түүний ихэр дүү Филипп гэсэн хоёр дүрд хувиран тоглосон байна.

Тэрээр 2000 онд Алекс Гарландын ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн “Beach” адал явдалт, романс, драма кинонд тоглосон билээ. Тухайн бүтээл нь ашиг орлогын хувьд чамгүй сайн байсан ч хэдий уран бүтээлийн агуулга хийгээд түүний бүтээсэн Ричардийн дүр олон нийтэд үнэлэгдэж чадаагүй. Магад түүний бүтээсэн дүрүүдээс хамгийн сул нь мөнхүү дүр байж мэдэх л юм. Хойтон жил нь найруулагч Р.Д. Роббын “Don’s Plum” хэмээх индепендент, хар цагаан кинонд жүжигчин Тоби Магуайртай хамтран тогложээ. Уг киноны зураг авалтыг 1995-1996 оны хооронд хийж гүйцэтгэсэн хэдий ч үл ойлголцлийн улмаас нээлтийн үйл ажиллагаа тав, зургаан жилээр хойшилсон юм.

Кинонд тоглож дууссаныхаа дараагаар Лео болон Тоби нар эл бүтээлийг театрт нээлтээ хийж болохгүй хэмээн татгалзаж, эсэргүүцжээ. Ингээд аргагүйн эрхэнд продюсер Дэвид Статмэн гэрээний заалт зөрчсөн, нэр төрд халдсан, продакшны эдийн засагт саад учруулсан гэх мэт хэд хэдэн зүйл заалтаар шүүхэд өгч байв. Шүүх хурлын үр дүнд тус киног Америк болон Канад улсаас бусад улс оронд гаргахыг хүлээн зөвшөөрч, мөн хэд хэдэн сценийг хасуулан гаргуулахаар тохиролцжээ. Ийнхүү “Don’s Plum” 2001 онд Берлины Олон Улсын Кино Наадамд оролцож, нээлтээ хийсэн бөгөөд үзэгчид, шүүмжлэгчдээс маш сайн үнэлэлт дүгнэлт авсан билээ.

2002 онд найруулагч Мартин Скорсезегийн “Gangs of New York” хэмээх 19-р зууны дунд үеийн Нью-Йорк хотын дүр зургийг гэрчлэх гэмт хэрэг, драма кинонд тогложээ. Бүхэл бүтэн найман сарын хүндхэн зураг авалт хийсэн энэхүү кино нь 100 сая ам.долларын өртгөөр бүтсэн аж. Жүжигчин Дэниел Дэй Льюисийн сүүдэрт л дарагдсаныг эс тооцвол Лео тус киноны гол дүр болох Амстердам Валлоны дүрийг тун гойд бүтээсэн юм.

Мөнхүү жил нь тэрээр намтарчилсан, гэмт хэрэг, драма бүтээл болох “Catch Me If You Can” киноны Фрэнк Абигнейлийн дүрийг бүтээв. 52 өдрийн туршид 147 өөр газар байршилд зураг авалт хийсэн энэхүү киног Стивен Спилберг найруулсан бөгөөд Лео тус кинонд тоглосон сэтгэгдлээ, “миний тоглож байсан кинонуудаас хамгийн адал явдалтай, супер зохион байгуулалтай кино бүтээл” хэмээн илэрхийлжээ. Кино шүүмжлэгч Рожер Эберт, “ДиКаприо эл төвөгтэй дүрд судалгаа, задаргаа маш сайн хийсний үр дүнд дүрийн дотоод болон гадаад зөрчил хийгээд зорилгыг төвөггүйхэн тоглосон” хэмээн сайшааж байсан удаатай. Тэрээр энэхүү дүрээрээ “Алтан Бөмбөрцөг”-т нэр дэвшиж байсан юм.

“ЗӨВХӨН ЧИ Л ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ӨӨРЧЛӨЖ ЧАДНА.
НӨХЦӨЛ БАЙДАЛ ТҮВЭГТЭЙ БАЙЛАА ГЭЭД ХЭН НЭГЭНД ЭСВЭЛ
ЯМАР НЭГЭН ЗҮЙЛД БҮҮ ГОМДОЛ.”

Тэрээр продюсерийн гараагаа 2004 онд найруулагч Ниелс Муеллерийн “The Assassination of Richard Nixon” киногоор эхлүүлжээ. Энэхүү кино нь тухайн ондоо Каннын кино наадамд нэр дэвшиж байсан сайн драма бүтээл юм. Мөнхүү жил тэрээр найруулагч Мартин Скорсезегийн намтарчилсан туурвил болох “The Aviator” кинонд гол дүрийг бүтээжээ. Уг бүтээлд Америкийн бизнес магнет, хөрөнгө оруулагч, нисгэгч, инженер хийгээд кино найруулагч Ховард Хьюзийн дүрд үнэхээр чадварлаг тоглосон билээ.

Тэрээр анх тухайн кино төслийг найруулагч Майкл Маннтай хамтран хийхээр төлөвлөж байсан ч, Майкл дахин намтарчилсан уран бүтээл хийхгүй хэмээн татгалзаж байжээ. Майкл өмнөхөн нь Мохаммед Алигийн тухай намтар киног туурвиад байсан аж. Ингээд арга мухардсан Лео өмнө нь хамтарч ажиллаж байсан Мартин Скорсезед ерөнхий найруулагчийн саналыг тавьсан гэдэг. Тус бүтээлд маш сайн дүр бүтээснийхээ хариуд “Алтан Бөмбөрцөг” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн бөгөөд мөн Оскарт дахин шилдэг эрэгтэй жүжигчний номинацид нэр дэвшсэн юм.

2006 онд түүний тоглосон хоёр ч кино үзэгчдийн хүртээл болсон. Эхнийх нь найруулагч Эдвард Цвикийн “Blood Diamond” гэх улс төрийн, дайнт, триллер төрлийн кино бөгөөд тэрээр Дэнний Арчер хэмээх хууль бусаар алмаз контрабанд хийгчийн дүрийг бүтээжээ. Удаах бүтээл нь найруулагч Мартин Скорсезегийн “The Departed” хэмээх нео-нуар, гэмт хэрэг төрлийн кино юм.

Тэрээр тус кинонд Билли Костиган гэх Бостон хотын Ирланд мафийн бүлэглэлийн туршуулын (үнэн хэрэгтээ цагдаа) дүрийг бүтээсэн. Тухайн ондоо асар өндөр хүлээлт үүсгээд байсан уг бүтээл гарсан даруйдаа л шуугиулж, 2006 оны шилдэг кинонуудын тоонд зүй ёсоор нэрлэгджээ. Кино $90 сая ам.долларын өртгөөр бүтэж, $213.7 сая ам.долларын ашиг орлого олж байв. Мөнхүү онд Леонардо Оскарын наадамд “Blood Diamond” кинонд бүтээсэн дүрээрээ гуравдахь удаагаа нэр дэвшсэн билээ.

Тэрээр продюсерийн ажлаа үргэлжлүүлэн 2007 онд “Gardener of Eden” хэмээх инээдмийн драма болон “The 11th Hour” хэмээх баримтат кинон дээр тус тус ажиллажээ.  2008 онд Дэвид Игнатиусийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн “Body of Lies” гэх экшн, триллер кинонд гол дүрийг бүтээсэн. Хойтон жил нь тэрээр найруулагч  Сэм Мендесийн “Revolutionary Road” кинонд жүжигчин Кейт Уинслеттэй хамтран тогложээ. Улмаар найруулагч Мартин Скорсезетэй дахин хамтарч, зохиолч Деннис Лихейний  2003 онд худалдаанд гаргаж байсан “Shutter Island” романаас сэдэвлэсэн ижил нэрт сэтгэлзүйн, триллер кинонд Тедди Дэниелсийн дүрийг гайхалтай бүтээсэн юм.

2010 онд жүжигчин Марион Котиллард, Том Харди, Жосеф Гордон-Левитт, Киллиан Мёрфи, Кен Ватанабэ болон Майкл Кейн нартай хамтран найруулагч Кристофер Ноланы “Inception” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт, экшн төрлийн сод бүтээлд Дом Коббийн дүрд тоглосон билээ. Тэрээр тус бүтээлд тоглохдоо шууд хүртэх $20 сая ам.долларын цалингаасаа татгалзаж, ашиг орлогын хувиас тодорхой хувийг авахаар гэрээ хийсэн бөгөөд тухайн шийдвэр нь ч оновчтой байж, түүнд $50 сая ам.долларын цалингийн орлого авчиржээ.

Хэсэг хугацаанд хувийн амралт авч байгаад Клинт Иствүдийн “J. Edgar” хэмээх намтар, драма бүтээлд гол дүрийг бүтээв. 2011 онд найруулагч Кэтрин Хардвикийн “Red Riding Hood” романс, аймшгийн киноны продюсераар ажиллажээ. Хэдийгээр тус бүтээл нь тухайн оныхоо хамгийн муу бүтээлийн нэгээр нэрлэгдсэн ч гэсэн зардлаа нөхөж чадсан юм. Ингээд жил гаран завсарласаны эцэст найруулагч Квинтен Тарантиногийн “Django Unchained” вестерн, триллер, драма бүтээлд Калвин Кэндигийн дүрийг бүтээв.

Эл кино зохиолыг анх уншиж дуусаад арьс өнгөний ялгаварах үзэлтэй хүний дүрд тоглохоос нилээдгүй цааргалаж байсан хэдий ч найруулагч болон бусад хамтран тоглох жүжигчдийн нөлөөнд автаж гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. ДиКаприо тус кино зураг авалтын үеэр санамсаргүйгээр шилэнд гараа зүссэн боловч Тарантино зураг авалтыг зогсоолгүй үргэлжлүүлэн авсан удаатай. Түүний хувьд тус кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан Бөмбөрцөг” кино наадамд 9 дэх удаагаа нэр дэвшсэн билээ. 100 сая ам.долларын өртгөөр бүтсэн тус кино нийт $425.4 сая ам.долларын ашиг орлого олсон юм.

“ХАЙР ДУРЛАЛД БҮРЭН ДҮҮРЭН ИТГЭНЭ ГЭДЭГ
ТУЙЛЫН ЭМГЭНЭЛ БИЛЭЭ”

2013 онд найруулагч Баз Лурманы “The Great Gatsby” романтик, драма бүтээлд саятан Жей Гэтсбигийн дүрийг бүтээсэн. Кино шүүмжлэгч Рожер Эберт “Магад энэ дүр түүний бүтээсэн хамгийн сайн дүр байх” хэмээн шүүмжлэж байжээ. Эл бүтээлтэй зэрэгцэн мөнхүү онд “The Wolf of Wall Street” намтарчилсан, хар инээдэм, гэмт хэрэг жанрын бүтээлд гол дүрийг бүтээсэн юм.

Тэрээр тус кинонд найруулагч Мартин Скорсезетэй хамтран тав дахь уран бүтээл дээрээ ажилласан аж. Тус кинонд бүтээсэн Жордан Белфортын дүрээр “Алтан Бөмбөрцөг” болон “Оскар” кино наадамд шилдэг эрэгтэй жүжигчний номинацид нэр дэвшсэн. Удаах жил нь буюу 2014 онд түүний хувьд “Virunga” гэх баримтат киноны ерөнхий продюсераар ажиллажээ.

2015 онд найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн “The Revenant” кинонд Хью Гласс хэмээх дүр бүтээж, мөн давхар гүйцэтгэх продюсераар ажиллажээ. Тэрээр эл киногоо “хамгийн хүнд хэцүү кино” байсан гэж ярьж байсан удаатай. Түүхий мах идэх, амьтны хүүрэнд унтах хийгээд хүйтэнд биеийн дулаанаа алдаж, даарч хөрөх гээд л олон олон бэрхшээлийн даван туулсан юм.

Түүний хувьд түүдэг асааж, бялтат буугаар буудаж сурсан бөгөөд мөн нутгийн уугуул Арикара, Поувни хэлүүдийг тус тус сурсанаас гадна эртний бөөгийн эмчлэх домнох арга техникийг суралцжээ. 135 сая ам.долларын өртгөөр бүтсэн тус кино нь нийтдээ 533 сая ам.долларын ашиг орлого олж, үзэгч болон шүүмжлэгчдээс маш сайн үнэлгээ авсан юм. Улмаар, “Алтан Бөмбөрцөг” , “BAFTA” , “SAG” , “CCA” болон Оскарын наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн билээ.

“The Revenant” кинонд тоглосноосоо хойш хэсэг хугацаанд завсарлаж, зөвхөн продюсерийн ажлаа гүйцэтгэсэн юм. 2016 онд “The Ivory Game” болон “Before the Flood” баримтат кинонуудаас гадна “Live by Night” хэмээх гэмт хэрэг, драма кинон дээр гүйцэтгэх продюсераар ажиллажээ. Мөн 2018 онд “Delirium” хэмээх сэтгэлзүйн, аймшгийн кино, “Robin Hood” адал явдалт, экшн кинонууд дээр тус тус ажилласан. Дөрвөн жилд ямар нэгэн бүтээлд тоглоогүй байсан тэрээр, найруулагч Квентин Тарантиногийн “Once Upon a Time In Hollywood” хэмээх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн инээдмийн, драма кинонд Рик Далтонгийн дүрд тоглосон билээ.

Тус кинонд тоглож 10 сая ам.долларын цалин авсан. Роберт Редфорд болон Пол Ньюман нараас хойшхи хамгийн сонирхолтой динамик хослолыг Брэд Питтийн хамт бүтээж, үзэгч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртжээ.

Тэрээр одоогийн байдлаар найруулагч Мартин Скорсезегийн “The Devil in the White City” хэмээх түүхэн, триллер, драма жанрын телевизийн цуврал кино, 1973 онд дэлгэцнээ гарч байсан Италийн “The Black Hand” хэмээх гэмт хэрэгт киноны дахин шинэчилсэн найруулгаар хийх бүтээл, Леонардо Да Винчи болон Теодор Рузвельт нарын намтар уран бүтээлүүд болон зохиолч Дэвид Гранны “Killers of the Flower Moon” романаас сэдэвлэн бүтээх кинонд тус тус тоглохоор пре-продакшны ажлууд дээрээ ажиллаж байна.

“БҮТЭЭСЭН ДҮРҮҮДЭЭР МИНЬ НАМАЙГ БҮҮ ДҮГНЭ
БИ АЛЬ Ч ДҮРТЭЙ НЬ АДИЛХАН БИШ”

Тэрээр кареерийнхаа туршид дэлхийн нэр хүндтэй кино наадмуудад 210 гаруй удаа нэр дэвшиж 99 шагнал хүртсэн. Агностик үзэлтэй тэрээр өдгөө хүртэл гэр бүлтэй болоогүй явна. Энэ хугацаанд тэрээр маш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож, хайр дурлалын харилцаа үүсгэж байсан юм.

Сонирхуулвал, 1994 онд загвар өмсөгч Бриджет Холл, 1995 онд загвар өмсөгч Наоми Кэмпбелл, 1996 онд жүжигчин, загвар өмсөгч Кристен Занг, 1997 онд жүжигчин Деми Мур болон загвар өмсөгч Хелена Кристенсен, 1998 онд загвар өмсөгч Эмбер Валлетта болон Ева Герцигова, 2000 онд Парис Хилтон, 2000-2005 он хүртэл загвар өмсөгч Жизель Бюндхен, 2005-2011 он хүртэл Бар Рафаэли, 2011 онд жүжигчин Блейк Лайвли, 2011-2012 онд загвар өмсөгч Эрин Хитертон, 2012 онд загвар өмсөгч Миранда Керр, 2013 онд Кат Торрес, 2013-2014 онд загвар өмсөгч Тони Гаррн, 2015 онд жүжигчин, загвар өмсөгч Келли Рорбах, 2016 онд дуучин Рианна болон загвар өмсөгч Нина Агдал, 2017 оноос одоог хүртэл жүжигчин, загвар өмсөгч Камила Моронетой хайр дурлалын холбоотой байна.

Өндөр: 183 см, Жин: 75 кг, Нүдний өнгө: Цэнхэр, Үсний өнгө: Шаргал, Орд: Хилэнц, Шүтлэг: Агностик, Дуртай хоол: Паста, Дуртай эрэгтэй жүжигчин: Роберт Де Ниро, Аль Пачино, Жек Николсон, Дуртай эмэгтэй жүжигчин: Мег Райан, Мерил Стрип, Дуртай өнгө: Хар, Ногоон, Дуртай ном: “Өвгөн, Тэнгис хоёр” – Эрнест Хемингуэй, Дуртай кино: “The Bicycle Thief” , “Taxi Driver” , “2001 А Space Odyssey” , “East of Eden”, Хөрөнгө: 216,8 сая ам.доллар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу