Балар эртний 10 этгээд амьтан

0
332

Бидний амьдарч буй эх дэлхийд хачин жигтэй амьтад өнөөг хүртэл байсаар байна. Гэхдээ балар эртний үед амьдарч байсан амьтад бүүр этгээд гаж байсан аж. Үлэг гүрвэлийн үед болон түүнээс ч өмнөх үед амьдарч байсан олон мянган амьтныг энгийн хүмүүс бид ч бүү хэл, эрдэмтэн судлаачид ч гэсэн сайн мэддэггүй. Энэ удаа бид та бүхэндээ ул мөр нь олдоод буй балар эртний 10 этгээд амьтдын талаар танилцуулах гэж байна.

10. Куетцаль-Коатлус

Цэрдийн галавын сүүл үе буюу 66-72 сая жилийн өмнө амьдарч байсан уг терозаврыг Тэнгэрийн хаан хэмээн нэрийддэг. Quetzalcoatlus хэмээх нэр нь эртний Ацтекчүүдийн китцал хэмээх өдөт могойн бурхан шүтээний нэрээс улбаатай. Энэхүү жигүүртэн амьтан нь бүх цаг үеийн тэнгэрт дүүлэгчдээс хамгийн том амьтны тоонд зүй ёсоор орно. Эхэн үеийн судалгаагаар энэхүү жигүүртний дэлгэсэн далавчны урт нь 16-21 метр хэмээн үзэж байсан боловч 1981 оны гүн судалгааны үр дүнд далавчны хэмжээ нь дунджаар 11-12 метр гэж тогтоожээ. Харин өндөр нь 5-10 метр, биеийн жин нь 200-250 кг юм байна. Ийм аварга том амьтан ниснэ гэдэг үнэхээр гайхамшигтай. Уг үлэмж биет жигүүртний чулуужсан ясыг анх 1971 онд геологич,  палеонтологич Дуглас Лосон (Douglas Lawson) Техасын Биг Бэнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн элсэрхэг газрын орчмоос олжээ.

9. Лонгискүама

Энэхүү Лонгискүама хэмээх нуруун дээрээ олон тооны өд шиг хэлбэр бүхий товруунуудтай хэвлээр явагч амьтан нь Триасийн галавын үед буюу 200-250 сая жилийн өмнө амьдарч байжээ. Уг амьтны ясыг 1970 онд Шаров хэмээх палеонтологич Киргизтаны нутгаас олсон юм байна. Одоогоор Лонгискүамагийн олдворын дээж нь Москва дахь Оросын шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн цуглуулгад байдаг аж. Энэхүү устаж үгүй болсон мөлхөгч амьтны урт нь ойролцоогоор 15 см юм. Төв Азийн нутгаар амьдарч байсан эл амьтны олдвор бүрэн бус байгаа тул анатомийнх нь талаар тодорхойгүй  зүйл олон бий. Жишээ нь, палеонтологичид энэ амьтны өд мэт товруунууд нь ямар бүтэцтэй байсан, ямар зориулалтаар ашиглагдаж байсныг одоо хүртэл бүрэн олж тодорхойлж чадаагүй байсаар байна. Мөн өөр нэг зүйл гэвэл лонгискүама ямар идэштэн байсан юм бэ гэдэг дээр маргалддаг. Зарим палеонтологичид түүний жижиг шүдний хэлбэр нь шавьжны хоолны дэглэмд нийцдэг гэж үздэг бол зарим нь өвсөн тэжээлтэн байсан гэж үздэг юм байна.

8. Дунклеост

Энэ махчин мангас загас нь 358–382 сая жилийн өмнө буюу Девоны галавын үед амьдардаг байжээ. Олон сая жил далай тэнгисийг эзэгнэж байгаад мөхсөнийх нь Таятаниксис гэх өөр нэг аварга махчин загас бий болсон боловч одоо цагийн нэг ч загас уг хоёр загастай холбоогүй юм. Хамгийн анх палеонтологич Жон Стронг Нью-Берри 1873 онд эл амьтныг нээн илрүүлж байв. Одоогийн байдлаар хэд хэдэн бүрэн олдворууд Хойд Америк, Польш, Бельги болон Морокко улсын нутаг дэвсгэрээс олдоод байгаа юм. Мөн судлаачид уг махчин загасны 10 гаруй төрөл зүйлийг олж илрүүлээд байна. Арван метр орчим урт, дөрвөн тонн орчим жинтэй байсан Дунклеост махчид дотроо “супер” гэх ангилалд багтах бөгөөд өөрөөр хэлбэл нэг ч амьтны идэш болж байгаагүй аж. Хамгийн хачирхалтай нь, уг махчин загас шүдгүй байсан бөгөөд эрүүний яснаас нь түрж ургасан хоёр эвэрлэг эд нь хошуу, шүдний үүрэг гүйцэтгэж байсан юм байна.

7. Дайянокайрос

Одоогоос 70 сая жилийн өмнө Цэрдийн галавын үед амьдарч энэхүү үлэг гүрвэлийн хос гар, мөрний бүс болон бусад биеийнх нь хэд хэдэн ясыг 1965 онд Польшийн палеонтологич Зофиа Келан-Яворовская Монголын Говь нутгаас олж байжээ. Уг үлэг гүрвэлийн нэрийг Латин хэлнээс орчуулбал “ер бусын аймаар гартай” гэсэн утгатай. Нуруундаа бөхтэй, гүзээтэй, өдөн залаатай, өргөн таазтай хачин сонин төрхтэй энэхүү амьтны олдвор тэр мөчөөс хойш дахин хаа нэгтээгүй олдоогүй л байгаа юм. Дайянокайросын урт нь дунджаар 11-12 метр, өндөр нь 4.4 метр, харин биеийн жин нь 6.4–7 тонн юм байна. Эдинбургийн Их Сургуулийн палеонтологч Стефен Брусатт уг үлэг гүрвэлийн олдворыг үзээд “энэ бол урьд нь олдож байгаагүй шинэ биеийн бүтэц. Лав л хурдан амьтан биш. Тэр нь илэрхий байна” хэмээсэн удаатай.

6. Археоптерикс

Түүхэнд анхны шувуу гэгддэг Археоптериксийг эрдэмтэд жигүүртнүүд дундаа хамгийн эртний төгс амьтан гэж үздэг юм. Юрийн галавын хожуу үед буюу 150 сая жилийн өмнө, өнөөгийн Германы өмнөд хэсэг ердөө хэдэн бүлэг арал байх цагт амьдарч байсан энэ жигүүртэн эдүгээ цагийн шаазгайн дайтай буюу ердөө хагас метр орчим биетэй байжээ. Өөрийнх нь цаг үеийн аварга биетнүүдтэй харьцуулахад хамаагүй жижигхэн, гэм хоргүй төрхтэй ч гэсэн, ямар ч амьтанд аюул учруулж мэдэх хурц шүдтэй, сүрлэг том далавчтай байжээ. Мөн хурц сарвуугаараа биеэ хамгаалдаг байсан юм. Гэхдээ дэлхийн анхны шувуу одоогийн жигүүртнүүдээс илүү эртний үлэг гүрвэлтэй ойрын төрөл байж.

5. Халлусигениа

Тэнгисийн өргөст хэмх хэмээх амьтантай төстэй, хорхой шиг урт энэ амьтны биеийн урт нь 0.5-3 см юм. Орчин цагийн ихэнх шавьж, хорхойноос ялгаатай нь нүд, хамар зэрэг мэдрэхүйн эрхтэнгүй байжээ. Оронд нь биеийг нь бүрхсэн долоон хурц тэмтрүүлтэй байсан бөгөөд тэдгээр нь тус бүртээ гурван жижиг тэмтрүүлтэй байж. Харин тэр бүх дагуул тэмтрүүл нь хооллох эрхтэн нь байсан бололтой. Саяхны судалгаагаар уг амьтны эр нь дугуй толгой, урт хүзүүтэй байсан бол эм нь шовгор толгой, богино хүзүүтэй байсан нь тогтоогджээ. Кембрийн сүүл үед хамаарах Халлусигениаг орчин үеийн цагаан эрвээхий, хилэнцэт хорхой, аалз, хавч зэрэг үед хөлтнүүдийн дээд өвөг гэж үздэг. Уг амьтны чулуужсан үлдэгдэл Канадын нутгаас анх 1970-аад онд олдсон бол хожим 2000 оны эхээр Хятадын нутгаас олджээ. Hallucigenia хэмээх нэрийг эл гаж амьтны хоёр дахь ул мөрийг илрүүлсэн эрдэмтэн Саймон Конвей Моррис бодож олсон гэдэг.

4. Эласмозавр

Дунджаар 14 метр өндөр, 2.2 тонн жинтэй байсан усны энэхүү амьтан Цэрдийн галавын хожуу үед буюу 80 сая жилийн өмнө амьдарч байжээ. Биеийнх нь бараг тэн хагасыг урт хүзүү нь эзэлж байсан бөгөөд хүзүү нь 70 гаруй нугаламтай. Эрдэмтэд үлэмж биет Эласмозаврийг аварга том сэлүүртэй байсан гэж саяхныг хүртэл таамаглаж байв. Харин АНУ-ын Канзас мужийн нутгаас олдсон чулуужсан ясыг нь сайтар судалсан эрдэмтэн Теофилус Тернерийн тооцоогоор Elasmosaur дөрвөн жижиг сэрвээтэй байж. Жижигхэн толгой, хурц шүдтэй Elasmosaur-ийн онцгой урт хүзүү нь уснаас ил гарч, агаар амьсгалахад нь зохицсон байв. Орчин цагийн нэг ч амьтан энэхүү урт хүзүүтийн үр удам биш юм.

3. Екилоптерус

Германы нутгаас анх чулуужсан мөр нь олдсон эл аварга хилэнцэт хорхой шинжлэх ухаанд бүртгэгдээд буй хамгийн том үет хөлтний нэг юм. 2.4 метр өндөр байсан гэх уг амьтан цэнгэг уст гол мөрөнд амьдардаг байжээ. Jaekelopterus-тай холбоотой мэдээлэл хэдий хомс ч эрдэмтэд тэмтрүүлийнх нь уртаар биеийнх нь дундаж хэмжээг тооцоолсон юм байна. Идэш тэжээлээ барихад нь зохицсон тэмтрүүл нь 45 орчим см байжээ. Аварга хилэнцэт хорхой өнөөгийн тэмээ аалз, хилэнцэт хорхой, тахт хавчны дээд өвөг бөгөөд эдгээр амьтны хамт Merostomata хэмээх овогт багтдаг юм байна. Уг амьтан нь Диван галавын үед буюу 400 сая жилийн өмнө амьдарч байжээ.

2. Майкрорэптор

Цэрдийн галаван түрүү үе буюу 120 сая жилийн өмнө амьдарч байсан Майкрорэптор нь дөрвөн далавч, өдөт сүүлтэй хэдий ч нисэж чаддаггүй юм. Одоогийн байдлаар гурван төрөл зүйл нь бүртгэгдээд буй уг үлэг гүрвэлийн урт нь дунджаар 42 – 120 см, биеийн жин нь 1 кг орчим. Хамгийн жижиг үлэг гүрвэлийн тоонд багтдаг юм байна. Майкрорэптор нь шувуу болон үлэг гүрвэлийн хоорондох хамгийн түгээмэл өвөг дээдсийн нэг хэмээн тодорхойлогддог. Палеонтологич Сюй Син 2000 онд Хятдын Ляонин мужийн нутаг дэвсгэрээс эл амьтны олдворыг олсон аж.

1. Дейнотериум

Неогений галавын дундад Миоцений үед амьдарч байгаад түрүү Плейстоцений үед мөхсөн энэ амьтан гариг дэлхийн түүхэн дэх хуурай газрын бүх л амьтдаас томоороо гуравт орох бөгөөд дунджаар 4.5 метр өндөр, 15.4 тонн жинтэй байжээ. Зааны өндөр өвөг Deinotherium нь орчин цагийн заанаас ялгаатай нь хошуу богинотой, соёо нь доод эрүүний ястай нь холбоотой байж. Уг амьтны шинжлэх ухаанд бүртгэгдсэн нэр латинаар аймшигт араатан гэсэн утгатай. Аймшигт араатны чулуужсан яс, үлдэгдэл нь дэлхийн ихэнх хэсгээс, тэр дундаа Европ, Ази, Африкаас элбэг олддог.

ХЭРВЭЭ ТА ЭНЭХҮҮ ТОП АРАВЫН БҮТЭН БИЧЛЭГИЙГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ МАНАЙ YOUTUBE СУВАГТ НЭГДЭЖ ҮЗЭЭРЭЙ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу