Өөртөө итгэлгүй нэгэнд хүргэх 11 зөвлөгөө

0
2591

Өөртөө итгэлгүй байдлаасаа болж амьдралд тохиосон сайхан боломжуудаасаа нүүр буруулж байгаа юм биш биз. Хэдийгээр өөртөө итгэлтэй байх нь төрмөл зан араншин биш ч гэсэн та өдөр тутмын дадал зуршлаа өөрчилж, шинэ бүхэн рүү зоригтойгоор тэмүүлж сурснаар өөрийгөө ялан дийлж чадах болно гэдгийг баттай хэлж байна. Та эдгээр аргуудыг уншаад өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, урам зоригоор дүүрэн байх хэрэгтэй шүү.

1. Магтаалын үгийг хүлээн авч сур

Хүн бүхэн л магтаал сайшаалыг өөр өөрөөр хүлээж авдаг. Зарим нэгэн нь магтаал сонсохоороо ичингүйрч, өөрийн дутагдалтай талаа л бодож энгийн магтаалыг ч хүлээж авч чаддаггүй. Ингэх нь магтаал сайшаал хэлж байгаа хүнийнхээ үзэл бодлыг хүндэтгэхгүй байгааг илтгэдэг бөгөөд өөрийгөө ч үнэлдэггүйг харуулдаг юм байна. Тиймээс сайхан магтаалын хариуд “Баярлалаа” гэж хэлж сураарай.

2. Төгс байх гэж бүү хичээ

Та хэд хэдэн уулзалт төлөвлөж, утасны дуудлага хүлээн авч, өглөө ирсэн цахим шуудангууддаа хариу өгч, бичиг цаасны ажилд дарагдаж, хийж байгаа бүх зүйлээ төгс хийх гэж зүтгэснийхээ хариуд сэтгэлээр унадаг юм биш биз. Хэрвээ тэгдэг бол амжилттай яваа хүмүүст ч гэсэн тийм асуудал тулгардаг гэдгийг санах хэрэгтэй шүү. Тиймээс хэт төгс рүү тэмүүлэх хэрэггүй гэдгийг танд зөвлөж байна.

3. Харилцаанд нүд рүү нь харж ярь

Хүний сэтгэл санааны байдал нүдний харцнаас нь төвөггүйхэн уншигддаг. Хүүхдүүд 9 сартайгаасаа энэ чадварыг олж авдаг бөгөөд аав, ээжийнхээ нүднээс ямар байгааг нь мэдэж чаддаг юм байна. Мөн өөртөө итгэлтэй байдлын нэгэн илрэл нь харилцаж байгаа хүнийхээ нүд рүү нь харж ярих байдаг. Тиймээс та бусдын нүд рүү харж, өөрийгөө зөв тод илэрхийлж сураарай.

4. Нуруу цэх, эрч хүчтэй итгэлтэй алхаж сур

Биеийн хэлэмж бүхнийг илтгэдэг. Мөрөө тэнийлгээд эгц алхаж буй хүн өөртөө итгэлтэй харагдаж, бусдын харцыг булааж чаддаг. Энэ мэт биеийн хэлэмж нь стрессийг ч багасгадаг болохыг судалгаагаар баталсан байдаг юм.

5. Сөрөг бодлыг авч хая

Өөрийн бодлоо цэгцлэх амаргүй байдаг ч энэ нь танд маш олон эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Та нэг долоо хоногийн турш ихэвчлэн юу бодож байгаагаа тэмдэглээд үзээрэй. Өөртөө итгэлгүй, бүтэлгүйтэх вий гэсэн бодлууд давамгайлж байвал “Би яагаад ингэж бодож байна вэ” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй юм. Улмаар бүх айдас тань ердөө өөртөө итгэлгүй байдлаас л үүдэлтэй болохыг олж мэдэх болно. Үүнийгээ өөрчлөхийн тулд та амьдралд тань тохиолдож болох бүх л сайхан бүхнээ жагсааж бичээрэй. Таны бодож байснаас чинь хавьгүй их байх болно шүү.

6. Өөртөө итгэхээ больсон тэр мөчийг анзаарч бай

Хүн өөртөө итгэхээ больсон үедээ бусадтай ярилцаж, өөр болохгүй зүйлийн талаар харилцан яриа өрнүүлэхийг хүсдэг. Хэрэв та тэгдэг бол яг тухайн өөр өөртөө итгэх итгэл алдарсан мөчийг олж анзаарах ёстой шүү. Олж анзаарсан даруйдаа чухам юу нь болохгүй байгаа талаар өөр өөртэйгөө сайтар ярилцах хэрэгтэй. Эс чадвал мэргэжлийн хүнд хандах, эсвэл ойр дотны хүнтэйгээ илэн далангуй ярилцах хэрэгтэй. Гэхдээ та л өөрөө өөрийнхөө нөхцөл байдлыг өөрчлөж чадна гэдгийг ойлгоорой.

7. Амжилт ололт бүрээ тэмдэглэж, өөрийгөө урамшуулж бай

Амьдралдаа гаргасан томоохон өөрчлөлт төдийгүй, өдөр тутамдаа хийж бүтээсэн зүйлээ ч цаасан дээр тэмдэглэж, зарим тохиолдолд өөрийгөө багахан ч гэсэн баярлуулж байх хэрэгтэй. Өнөөдөр 20 хуудас ном уншлаа, ийм зүйл ухаарч ойлголоо гэх мэт жижигхэн гэлтгүй ололт амжилтаа бичиж тэмдэглээд, өөрийгөө багахан зүйлээр урамшуулж байх нь амьдралыг илүү гэрэл гэгээтэй болгодог юм шүү.

8. Жинхэнэ хэн байхаа үргэлж төсөөлж бодож бай

Та урьд өмнө нь “Хэрвээ би өөртөө жаахан ч гэсэн итгэлтэй байсан бол” үүнийг арай өөрөөр шийдэх байсан даа гэж бодож байсан уу? Хэрвээ тийм бол хэзээ ч хийдэггүй байсан зүйлстэйгээ нүүр тулгарах хэрэгтэй шүү. Өөртөө итгэлтэй хүмүүс эрсдэл, хариуцлага, магтаал гээд бүхнийг эн тэнцүүхэн хүлээж авдаг гэдгийг санаарай.

9. Цоо шинэ танилуудтай бол

Таныг мэдэхгүй олон хүмүүс цугларсан уулзалтад очиж байгаарай. Шинэ танилтай болж өөрийгөө шинээр нээхэд хэзээ ч оройтдоггүй. Та ихэвчлэн бусдад бүрэг ичимхий, даруухан талаа л харуулдаг байж болох ч шинэхэн хүрээлэлдээ өөрийнхөө нээлттэй талыг ил гаргаж болно шүү дээ. Тиймээс нэгэн хэвийн хэв маягаасаа түр ч гэсэн холдож өөрийгөө эрж хайх шинэ аялалд гараарай.

10. Хэрэгтэй үедээ тусламж гуйхаас бүү татгалз

Хэрэгтэй үедээ бусдаас тусламж гуйхад тийм ч муу зүйл биш. Мөн та өөрөө ч гэсэн аливаа нөхцөл байдалд бусдад туслах сэтгэлтэй байх хэрэгтэй. Хүн бүхэнд итгэж найддаг, тусламж авдаг найз нөхөд хийгээд онцгой нэгэн байдаг шүү дээ. Таныг арыг харж явдаг нэгэнтэй байна гэдэг хамгийн сайхан зүйл. Бүхнийг ганцаараа гэж мугуйд зан гаргалгүй бусдыг тус дэмийг авч байгаарай.

11. Хэрэггүй зүйлд цаг заваа бүү үрэн таран хий

Цахим ертөнцөд бусдын хийгээд өөрийн таньдаг хүмүүсийнхээ зургыг үзэж өөртэйгөө харьцуулалт хийж сууна уу? Энэ нь таны өөртөө итгэх байдлыг үгүй хийх болно гэдгийг анхаараарай. Бусдын амьдрал бол бусдын л амьдрал. Таны амьдрал харин зөвхөн таны л амьдрал. Хүн бүхэн өөрийн гэсэн амьдралын хэв маягтай шүү дээ. Тиймээс заавал өөрийгөө бусадтай жишиж, гомдоллож суух шаардлагагүй. Аль болох хэрэггүй зүйлд, ялангуяа сошиал орчинд цаг заваа дэмий бүү үрээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу