‘Хайртай’ гэж байнга хэлэх нь таны харилцаанд олон давуу талыг бий болгоно

0
285

Судалгаагаар 2-5 жилийн турш үерхсэн хосуудын талаас илүү хувь нь өдөр болгон “Би чамд хайртай” гэж хэлдэг болохыг олж тогтоосон байна. Гэхдээ харилцаа 10-аас дээш жил болсны дараа тухайн үг хэлэх нь 33-аар багасдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам улам илүү буурдаг аж.

Та ойр дотны хамгийн хайртай хүндээ “Би чамд хайртай” гэж тогтмол хэлснээр таны харилцаанд олон давуу тал үүсдэг гэдгийг мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол анхаарлаа нааш хандуулаарай. Бид та бүхэндээ зориулж маш үнэ цэнэтэй хайр дурлалын харилцааны зөвлөгөөг хүргэх гэж байна.

1. Таны харилцаа улам илүү цэцэглэх болно

Аливаа харилцаа маш их сэтгэл хөдлөлийн хөрөнгө оруулалтыг шаарддаг. Та хайртай хүндээ халуун дулаан сэтгэл хөдлөлийг илэрхийлснээр түүнд маш их аз жаргалыг бэлэглэх болно. Улмаар харилцаа тань улам илүү цэцэглэж, бие биенээ гэх сэтгэл илүү бат бөх болдог. Энэ нь зөвхөн хайр дурлалын харилцаа гэлтгүй, аав ээж, ах дүү, үр хүүхэд, найз нөхдийн гээд бүхий л харилцаанд нэн шаардлагатай зүйл юм.

Лиса Аранго хэмээх сэтгэлзүйчийн хэлснээр: “Би чамд хайртай гэдэг үг бол харилцааны хувьд хүчилтөрөгч л гэсэн үг” хэмээн хэлсэн бөгөөд мөн “Та хайртай хүндээ үргэлж хайрын үгээ хэлж, харилцаагаа үргэлж амьд байгаа гэдгийг мэдрүүлж байгаарай” хэмээн зөвлөжээ.

2. Та тэдний хувьд хайр халамж, аюулгүй байдлын эх үүсвэр нь болно

Ойр дотны хайртай хүндээ хайр сэтгэлээ байнга илэрхийлж байх нь тэд танд итгэх байдлыг улам нэмэгдүүлдэг. Аранго сэтгэлзүйчийн хэлж буйгаар бол, “Ихэнх хүмүүс харилцаанд юуг хамгийн ихээр чухалчлан хардаг вэ гэвэл, тэд хайр халамж, энхрийлэл болон аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарч хардаг” гэжээ. Тиймээс та тэдний хувьд дээр дурдсан зүйлийн эх үүсвэр нь байх ёстой гэдгээ сайтар ойлгоорой.

3. Таны эрүүл мэндэд эерэг үр дүн ажиглагдах болно

Хүний харилцааны чиглэлээр мэргэшсэн профессор Кори Флойд хайр сэтгэлээ үргэлж илэрхийлж гаргаж байдаг хүний эрүүл мэндэд төдийгүй нөгөө хүнд ч гэсэн нэн ач тустай болохыг тогтоожээ. Хүнд хэцүү өдрийг туулж өнгөрүүлчихээд хайртай хүн дээрээ та очиж байна гээд төсөөлөөд үз дээ.

Магад бүх зүйлийг өөрчлөж чадахгүй ч гэсэн, таны сэтгэл санааны байдлыг анагаагаад зогсохгүй, стресс бухимдлыг бууруулахад туслах болно. Хайр халамжаа илэрхийлэх хийгээд тухайн мэдрэмжийг авах үед хүний биед окситокин даавар маш ихээр ялгардаг юм. Окситокины нөлөө хамгийн нэн түрүүнд тайвшрал болон дулаан мэдрэмжийг төрүүлдэг аж.

4. Та өдөр тутмын амьдралдаа улам илүү жаргалтай байх болно

Судлаачид нэгэн удаа маш сонирхолтой туршилтыг зохион байгуулжээ. Тэд хэсэг бүлэг хүмүүс сонгоод бүгдэнд нь тодорхой хэмжээний мөнгө өгсөн аж. Тэгээд хагаст нь тухайн мөнгийг зөвхөн өөртөө зарцуулах, нөгөө хагаст нь тухайн мөнгийг хайртай дотны хүндээ зарцуулах үүрэг даалгавар өгчээ.

Судалгааны үр дүнд, хайртай хүндээ бэлэг авч өгсөн хүмүүс нь нөгөө хэсэг бүлэг хүмүүсээс илүүтэйгээр аз жаргалтай, сэтгэл хангалуун байдалтай байв. Өөртөө бус бусдад илүү сэтгэл гаргах нь таныг улам илүү жаргалтай нэгэн болгох болно.

5. Та энэ үгийг хэлснээр хэзээ ч харамсахгүй

Амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг шүү дээ. Бид маргааш юу болохыг, бидэнд юу тохиолдохыг тааж мэдэх боломжгүй. Тийм болохоор хайртай дотны хүмүүсдээ өдөр болгон хайртай гэдгээ хэлж, тэд таны хувьд ямар чухал, үнэ цэнэтэй хүмүүс гэдгийг мэдрүүлж байгаарай.

“Би чамд хайртай” гэх гуравхан үгийг хэлэхэд танаас юу ч унахгүй шүү дээ. Гэхдээ мэдээж чин сэтгэлийн үүднээс. Та үлдсэн амьдралдаа харамсаж халаглахгүйн тулд хайраа үргэлж илэрхийлж байгаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу