Англи хэлийг сурч байх үедээ хүмүүсийн гаргадаг нийтлэг 5 алдаа

0
92

Энэ удаагийн дугаартаа би та бүхэнд Англи хэлийг сурч байх үедээ хүмүүсийн гаргадаг нийтлэг 5 алдаа, түүнээс хэрхэн зайлсхийх талаар маш гоё зөвлөгөө өгөх болно.

1. Эхний алдаа

Ихэнх хүмүүс сонсохоосоо өмнө ярих гэж оролддог. Энэ бол маш буруу. Англи хэлийг сурч байхдаа ярихаасаа өмнө сонсож сурах хэрэгтэй. Нэг ёсондоо удаан ярьж, хурдан сонсох нь маш үр дүнтэй суралцах арга юм. Мөн нөгөөтэйгүүр та бичихээсээ урьтаж маш их унших хэрэгтэй. Ингэснээр таны хэл сурах арга барил зөв цэгцэнд орох болно.

2. Хоёрдахь алдаа

Ихэнх хүмүүс ярих байхдаа өөрөөсөө ичиж, санаа нь зовдог. Хэл сурч байхдаа өөрөөсөө ичиж, санаа зовох ямар ч хэрэггүй болохыг танд зөвлөж байна. Хүн бүхэн л ямар нэгэн зүйлийг анхлан сурч эхлэхдээ алдаа гаргадаг шүү. Тиймээс та хэн нэгэнтэй харилцаж байхдаа ичиж, санаа зоволгүй ярих ёстой. Болж өгвөл тухайн хүндээ түрүүлээд би дөнгөж сурч эхлэж байгаа, хэрвээ би ямар нэгэн алдаа мадаг гаргавал та засаж залруулаад өгөөрэй гээд хэлэх хэрэгтэй. Ингэснээр та гаргасан алдаагаа хурдан засаж, нэг байрандаа л зогсоод байхгүй урагшлаа болно.

3. Гуравдахь алдаа

Ихэнх хүмүүс Англи хэлийг яг таг тэдий хугацаанд сурна буюу тодорхой хугацаанд суралцаж хүссэн үр дүнгээ хүртэнэ гэж боддог. Энэ бол том эндүүрэл. Ер нь аливаа хэлийг бүрэн дүүрэн сурна гэж байхгүй. Бид ч гэсэн эх хэлээ бүрэн дүүрэн мэддэггүй шүү дээ. Уг алдаанаас болж хэлж сурч байсан хүмүүс хүссэн үр дүндээ хүрээгүй хэмээн сурах итгэл зориг, эрмэлзлэлээ алддаг. Тиймээс хамгийн чухал нь Англи хэлийг хэрэглээний түвшинд сайтар судлан суралцаж, мөн өөрийн салбар мэргэжлийн хэмжээнд тултал нь үзэж суралцах хэрэгтэй. Мөн дээрээс нь тууштай байдал хамгаас чухал. Хэл сурах байдлыг хэзээ ч зогсоож болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

4. Дөрөвдэх алдаа

Ихэнх хүмүүс Англи хэлийг тухайн оронд нь очиж байж л сурна гэж боддог. Мэдээж англи хэлээр ярьдаг орчинд нь очиж сурч, амьдрах нь том давуу тал ч гэсэн очоод л шууд тухайн хэлийг сайн сурна гэсэн үг биш. Би Америкт олон жил амьдарсан хэрнээ Англиар сайн ярьж чаддаггүй олон ч хүнтэй нүүр тулж байсан. Тиймээс та Англи хэлийг эх орондоо ч гэсэн хүссэн хэмжээнд нь суралцах боломжтой гэдгийг баттай хэлмээр байна.

5. Тавдах алдаа

Ихэнх хүмүүс Англи хэлийг сурч байхдаа нээлттэй байж чаддаггүй. Хэрвээ та Англи хэлийг сурахыг чин сэтгэлээсээ сурахыг хүсэж байвал сэтгэлгээний тал дээр ч тэр, сэтгэл хөдлөл болон зан авирын тал дээр ч гэсэн маш нээлттэй байх нь хамгаас чухал. Учир нь тухайн орны соёлын ялгааг таньж мэдэх, ойлгоход нээлттэй зан чанарын байдал маш их тус дэм болдог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу