Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил

0
151

Өглөө таны тухайн өдрийн байдлыг тодорхойлдог. Өглөө орноосоо өөдрөг, эрч хүчтэй босч чадвал өдөржингөө сэргэлэн цовоо, олон ажил амжуулах чадалтай байх болно. Харин арай ядан гал тогоондоо орж дусал кофе уугаад гарч байгаа бол өдрийг тухгүй өнгөрүүлдэг.

Хэрвээ өглөө болгон ийм байдалтай босч байвал дэглэмдээ өөрчлөлт оруулах цаг болсныг илтгэж байна. “The Independent”-ийнхэн өглөөг хэрхэн эхлүүлэх тухай судлаачдын санал бодлыг тусгасан нэгэн нийтлэл гаргажээ. Дараах дадал зуршлуудаас таныг нэн даруй салахыг зөвлөж байна.

1. Сэрүүлгээ хойшлуулах

Өглөө сэрүүлэг дуугарах дуунаар орноосоо босох хүсэлтэй хүн байхгүй гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Босох хүсэлгүй байгаа болохоор сэрүүлгээ 10 минутаар хойшлуулж үргэлжлүүлэн дуг нойрондоо дийлддэг. Эмч нарын үзэж байгаагаар энэ бол сайхан санаа биш аж. Эргэж унтсанаар хүн шинэ нойрны эргэлтэнд ордог учраас сэрүүлгээ хойшлуулж илүү унтсан ч гэсэн нойрмог, дутуу нойртой мэт босдог байна.

2. Орондоо ажлын мэдээллээ бүү шалга

Ихэнх хүмүүс унтахдаа утсаа хажуудаа тавьдаг. Хөнжлөөсөө сугарч гарч ирээд л гар тань утас руугаа явж ирсэн шуудан, чат зэргээ шалгадаг. Энэ бас л буруу зуршил. Тайм-менежер Жули Моргенштерний зөвлөж байгаагаар “Цахим шуудан, ажил төрөл, асуудал гэдэг хэзээ ч дуусахгүй. Тэгэхээр дөнгөж сэрж байгаа тархийг эцэс төгсгөлгүй асуудлаар булж орхино. Ажилдаа очоод л тэр болгоныгоо нээж үзэх хэрэгтэй” гэжээ. Харин өглөө босоод амьдралын онц чухал шийдэх асуудал байгаа бол түүнээсээ эхэл, гэхдээ тархиа элдэв зүйлээр бүү дүүргээрэй.

3. Дөнгөж сэрээд л кофе уух

Өглөөний 8-9 цагуудад хүний бие кортизон гэх гормон ялгаруулдаг буюу өглөө сэргээж, орой нь нойр хүргэдэг гормон юм. Кортизол ялгарах тэр цагаар бид өөрсдийгөө сэргэлэн, цовоо болохыг мэдэрдэг байна. Гормон ялгарах тэр цагаар кофе уухад гормоны хэмжээ багасдаг. Удаан хугацаагаар кофе уусан бол кофеинд дасаж, сүүлдээ үйлчлэхээ болих магадлал ч бий. Тиймээс 10 -12 цагийн хооронд кофе уухыг зөвлөж байна.

4. Өглөөний ажлаа урьдчилан төлөвлөөгүй байх

Ус уух уу, дасгалаа шууд хийх үү? Хөгжим сонсонгоо аяга цай уух уу? Шүршүүрт орох уу, хүйтэн усаар нэг угаагаад л болох уу? Өглөө болгон тогтсон дадал зуршилтай байх хэрэгтэй. Бослоо, бүлээн ус уулаа, шууд шүршүүр. Өглөө босоод юу хийхээ шийдэхэд таниас багагүй хүч шаарддаг байна. Тиймээс бодож саналгүй шууд шууд хийгээд явах зуршилтай байж өдрийн эрч хүчээ хэмнэхийг зөвлөжээ.

5. Харанхуйд хувцаслах

Зарим нэг хүмүүс өглөөгүүр бүүдгэр гэрэлтэй байх нь нойрноос аажим сэрэх шилдэг арга гэж үздэг. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар бол хүний биологийн цаг гэрэлтүүлгээс мөн хамаардаг гэжээ. Харанхуй гэдэг унтах цаг болсон гэсэн дохио. Тийм болохоор харанхуйд хүн өөрийгөө сэргэлэн цовоо, сэргэгээр мэдрэх боломжгүй. Бүрэн утгаар нь сэрэхийг хүсэж байгаа бол гэрлээ асаах хэрэгтэй.

6. Ороо хураахгүй орхих

Ороо хурааж яах юм бэ? Орой буцаж ирээд л эргээд хэвтэнэ ш дээ. Үнэний хувьтай ч бодох л зүйл. Нэгдүгээрт, гэр орон тань эмх цэгтэй байна. Хоёрдугаарт, бага ч гэсэн нэг ажил амжуулаад авлаа гэсэн дохио тархинд очих тул өнөөдөр үр бүтээлтэй өдөр байх нь гэсэн сэтгэгдэл төрж эхэлнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, ороо хураана гэдэг бол сайн зуршил, тийм учраас байнга хурааж бай гэжээ.

7. Хөнжлөөсөө босохгүй хэвтээд л байх

Маш их эр зориг гарган сэрүүлгээ хойшлуулж тавилгүй нэг юм нүдээ нээж чадсанд баяр хүргэе. Харин босолгүй яг л муур шиг хөнжилдөө хэсэг шурган хэвтээд л… Сэтгэл судлаачид бидний хүслээс өөр зөвлөгөө өгч байна. Сэрээд гар, хөлөө дөрвөн тийш тэнийлгэж суниа, аль болох тал тал тийш нь сунга. Хүчтэй сунгаж чадсаны ачаар цусны эргэлт сайжирч танд шинэ эрч хүч сэлбэгдэж байгааг мэдрэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу