Шинээр оюутан болж буй залуусын заавал мэдэх ёстой 10 зүйл

0
147

Оюутан байна гэдэг бол амьдралын маш том сорилтуудын нэг. Хэдэн өдөр нойргүй хичээлээ хийх үе ч олон тохиолдоно. Их сургуулиа төгссөн хүмүүст “илүү эрт мэдсэн бол….” гэж харамсах олон зүйл байдаг. Энэ зөвлөмжөөр залуус та бүхний оюутан болохоосоо өмнө заавал мэдэх 10 зүйлийг хүргэж байна.

1. Семистрийн эхэнд өөртөө зорилго тавь

Хүн хамгийн ихээр өөрийгөө нээж шинэ зүйлд суралцдаг газар бол их сургууль. Семестр эхлэхэд өөртөө тодорхой зорилго тавьсны дүнд хичээлээ сонгох хэрэгтэй. Энэ нь хичээлдээ илүү урам зоригтой, эрч хүчтэй оролцохоос гадна илүү үр бүтээмжтэй сурахад тань тус болно. Ядаж семестрт нэг хичээл илүүгээр сонгоод үз. Мэдээж өөртөө хэт ачаалал өгөх нь сөрөг нөлөөтэй учир тэнцвэрээ барих нь чухал.

2. Сайн зөөврийн компьютертэй болох

Их сургууль олон зүйл судалж, бие даалт, илтгэл болон судалгааны ажлууд бичих гээд арван жилийн сургуулиас ялгардаг. Зөөврийн компьютер нь хурдан шуурхай судалгаа хийхэд хэрэг болохоос гадна илтгэл бэлдэхэд маш хэрэгцээтэй байдаг. Хэрэв танд одоо зөөврийн компьютер байхгүй бол энэ амралтаараа ажил хийгээд авах боломж байгаа гэдгийг санаарай.

3. Цагийн төлөвлөлт

Бид бүгд мэдэж байгаачлан цагаа төлөвлөх нь их сургуулиас гадна өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай зүйл билээ. Оюутан болохоор маш олон дадлага, тест болон шалгалт гээд нэг өдөрт багтамгүй их хичээлтэй нүүр тулдаг. Энэ үед цагаа зөв төлөвлөж, хуваарилах нь хичээлд зарцуулах цагаа илүү ухаалгаар ашиглаж сайн дурын болон өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд илүү оролцох боломжийг бий болгодог.

4. C бол хангалттай дүн биш

Олон залуус их сургуульд 70 үнэлгээтэй байх нь хэвийн гэж бодох нь олон байдаг. “Ядаж бүгдэд нь С авчихвал” хэмээн бодох нь ч бий. Гэвч бодит байдал дээр ихэнх их сургуулиудын дунджаар нийт оюутнуудын 20-30% нь “А”, 30-60% нь “В” үнэлгээтэй байдаг бөгөөд 15-30% нь л “С” үнэлгээтэй байдаг байна. Тиймээс та “С” үнэлгээтэй байна гэдэг дунджаас доогуур байна гэдгийг илтгэх бөгөөд цаашид тэтгэлэг, ажлын байрд орох зэрэг олон талд маш муугаар нөлөөлнө гэсэн үг юм.

5. Дэмий үрдэг хичээлийн цагаа өөр зүйлд зарцуул

Хүн бүх хичээлдээ 100% төвлөрнө гэдэг бараг боломжгүй. Багш нар заримдаа хэтэрхий сул ярих эсвэл бидний сайн мэддэг зүйлийг ярих тохиолдол гардаг. Хичээлийн цагтаа төвлөрч чадахгүй байна гэдэг цагаа дэмий үрж байгаагийн илрэл гэдгийг та бүхэн сайн мэднэ. Хэрэв багш тань таны мэдэхгүй зүйлийн талаар ярьж байвал хамгийн урд суугаад хэлсэн үг бүрийг нь алдалгүй ойлгохыг хичээх хэрэгтэй.

Харин таны мэддэг зүйлийг давтаж яриад байвал өөр нэг хичээлийнхээ даалгавар эсвэл бие даалтыг хийх нь илүү үр дүнтэй бөгөөд уйдаагаа гаргах хамгийн түгээмэл аргуудын нэг юм. Үргэлж аливаа нэг бусад хичээлийнхээ номыг авч явж бай. Ингэснээр багш тань залуу насныхаа “паян”-г ярьж эхлэх үед цагаа илүү үр дүнтэй өнгөрөөх нэгэн боломж бий болж байгаа юм. Энэ аргаар хэр их цагийг хэмнэж болдгийг та бүхэн мэдрээд гайхна гэдэгт итгэлтэй байна.

6. Өөрийн гэсэн цээжлэх аргатай бол

Цээжлэх чадвар нь ямарваа нэгэн юмыг сурахад зайлшгүй шаардлагатай чадваруудын нэг юм. Их сургуульд заримдаа гайхширмаар олон зүйлийг нэг хоногт цээжлэх шаардлага гардаг. Энэ үед өөрийн гэсэн өвөрмөц цээжлэх арга барилтай байх нь маш чухал юм.

Хүн бүр өөртөө тохиромжтой гэж бодсон аргачлалаа ашилгадаг. Зарим хүмүүс олон удаа бичиж уншиж цээжилдэг бол өвөрмөц сонирхолтой аргаар цээжилж цагаа хэмнэдэг хүмүүс ч бий. Өөртөө тохирох аргыг эрт олох нь их сургуульд сурахад тань тус болно гэдэгт итгэлтэй байна.

7. Өглөө эрт босож бай

Өглөө эрт босоод хичээлд суух нь тийм ч таатай зүйл биш. Гэвч өдрийг эрт эхлүүлснээр олон давуу талууд бий. Өглөө эрт босдог хүмүүсийн ажлын бүтээмж илүү сайн байх нь мэдээж. 6 эсвэл 7-н цагаас босоод, усандаа ороод, хоол цайгаа сайн ууж өдрийг эхлүүлснээр эрүүл мэндэд сайнаас гадна илүү эрч хүчтэйгээр өдрийг эхлүүлэх боломжийг үүсгэнэ.

8. Дадлагын хөтөлбөрт идэвхитэй оролц

Их сургуульд сурахын хажуугаар мэргэжлийнхээ чиглэлээр ямар нэгэн дадлага хийх нь маш чухал. Энэ нь зөвхөн мэргэжлээ илүү ойлгож, дөхөм болохоос гадна төгсөөд ажлын байранд ороход бусдаас нэг алхмаар урагшлах боломжтой болгодог.

9. Өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийл

Оюутан болохын хамгийн гол зорилго нь зөвхөн сурч боловсрох бус, нийгэмших байдаг. Хичээл сургуулийн хажуугаар гарч буй чөлөөт цагаараа хувь хүний хөгжил, өөртөө итгэх итгэл, харилцааны болон манлайллын ур чадвар, хандлагаа сайжруулахын тулд төрөл бүрийн сургалт, хөтөлбөрт идэвхтэй оролцож байх хэрэгтэй.

10. Ойлгох нь цээжлэхээс илүү чухал

Ихэнх курсийн суурь дамжаанд маш олон зүйлийг цээжлэх шаардлага тавьдаг. Гэвч цаашлаад гүнзгий шатанд орох тусам зөвхөн цээжилсэн юмаа санах бус, хувьдаа анализ хийж дүгнэлт гаргах нь илүү чухал болдог. Тиймээс орж буй хичээлүүдийн агуулгыг зөвхөн цээжлэхээс илүү ойлгож гартаа оруулах нь практикын хувьд хамгийн ач холбогдолтой чухал чадварууд юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу